Monday, May 17, 2010

"Би" in Wonderland

Би яг одоо гайхамшийн оронд байна...

Энд бүх юм өөр юм. Энд нар баруунаас манддаг. Навч цэцэг цементнээс ургадаг. Намар, хавар гэсэн 2-хон улиралтай. Найз нөхөд гэж байхгүй атаат дайснуудтай.

Энд газар хөдлөлт болдоггүй, харин цуурхалаас улбаатай тэнгэр хөдлөлт болдог. Энд хүмүүс хөгшин настай төрөөд, хүүхэд болж залуужаад, сперм болж замхардаг. Зовлон болвол хүмүүс инээдэг, жаргаж байгаа нь энэ гээд уйлдаг. Хүүхдүүд архи ууж, хөлчүүхэн залуус сүүнд донтдог.

Энд ардчилал гэж байхгүй. Харин танилчлал байдаг. Танилийн өмнө төрийн төмөр нүүр тугалга болон хайлдаг, танилийн өмнө өрийн их данс цаас болон хийсдэг.

Энд Ромео Жулетта 2 хайр дурлалаас болж үхээгүй, харин мөнгөнөөс болж үхсэн. Мөнгөгүй Ромеод хэн ч дурлаагүй учираас õàðèéí îðîíëóó явж ажил хйисэн, тэнд очоод Жулеттатай танилцсан ч тэр үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн. Ийм учираас Шекспирт нь хүртэл жүжгийн санаа олдоогүй.

Мөрөөдөхөд хүртэл мөнгө төлнө. Мөрөөдлийг худалдаж авдаг. Түрээслэж болно, барьцаалж болно, бэлэглэж болно бас өвлүүлж болно. Ахиухан мөрөөдөл хувьдаа авахын төлөө авлига хүртэл төлдөг.

Энд хүмүүс бурханд залбирдаггүй харин захирал, даргыг шүтдэг. Хар машин, хаймар жийпнээс адис авдаг. Өөрсдийнхөө төлөө өрөөлийг золиослодог. Өрөөлийн төлөө өчүүхэн ч санаа зовдоггүй.

Энд "итгэл" гэдэг үг байдаггүй. Бүгд муу санаатай, атгаг бодолтой. "Сэтгэл" гэдэг үгийг бэлэгдлийн чанартай хэрэглэдэг. Даанч хойч үеийнхэн нь одоо энэ үгийг бараг хэрэглэдэггүй гэсэн.

Энд... энд... энд... Ярих юм даанч их, даанч блогийг цензуртэй бичдэг болсон гэсэн. Тийм болохоор ингээд өндөрлөе. Аягүй бол ад үзэгдэнэ.

Харин би яг одоо гайхамшийн оронд байна...

Thursday, May 13, 2010

Монголын Бахархал



Хоёр.

Монголчууд бид хил хязгаартай, өөрсдийн газар нутагтай
Мандан бадарч, бууран доройтож асан, буурал түүхийн амаргүй нугачаанд, цаг хугацааг элээн элж, Хятад, Орос хэмээх аварга 2 гүрний дунд, 1 сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, Монгол хүн бүр ''унасан газар, угаасан ус минь'' хэмээн өмчлөх ''эх оронтой'' улсаа бид, Гимилайн уулсын хэцүү бэрх орчилд хавчигнан амьдрах Түвд, Алдарт Саяны уулсын бэлд сүүрс алдан амьдрах Тувачуудын хувь заяаны дэргэд, дэлхийн Монголчуудын гэрэл гэгээ, итгэл найдварын төв нь болсон тусгаар Монгол нутагтай бид. Хятад, Орос их гүрний алинд ч уусгачихалгүй, алга дарам газрынх нь төлөө цус, хөлс, ухаанаа шавхан ирсэн өвөг дээдсийнхээ сүнсэнд нь ч залбирмуу. Халуун хүйтэн ч гэлээ говь, хангай, хээр хосолсон үзэсгэлэнт нутагтай, хатуу ширүүн ч гэлээ өвөл, хавар, зун, намар ээлжлэх 4 улиралтай Монгол орон минь байгаа цагт, унасан газар, угаасан усаа, зүрх сэтгэл, зүүд нойрондоо хайрлан дурсах, Монголчууд бид ''эх оронтой'' хүмүүсээ. Омог бардам байгтун.

Wednesday, May 12, 2010

Монголын бахархал



Нэг.

Монголчууд бид, цагтаа дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдэстэй
''Монголчууд гэж хэн юм бэ?'' гэж асуусан асуултанд нь зохиолч С. Жаргалсайхан, эрдэмтэн Удвал нар ''Чингис хааны нууц түүх'' хэмэээх зохиолоороо дэлхий дахинд, ''Монголчууд дэлхийн талыг эзэгнэж, дэлхийн нэгдсэн улсыг байгуулж явсан агуу их хаадын үр удам'' гэж хариуллаа. Нэгэн зарлигийн дор нэгтгэн байгуулж, бас хөгжүүлэн өгсөн Бат, Хубилай хаадын их гүрнээс өнөөгийн зууны хүчирхэг том гүрэн, Хятад, Орос улс үүссэнийг ч, дэлхийн түүх ч, тэдний дунд орших Монгол улс ч мартаагүй. Тиймдээ ч бидний өвөг, эзэн Чингис хааныг энэ дэлхийн ''Мянганы хүн''-ээр тодруулж хүлээн зөвшөөрсөн бус уу.
Чухамдаа өөр хэнийг ч бус, зөвхөн бидний Монголын Чингис хааныг энэ мянганд ч шилдэгийн шилдэг агуу хүн гэж зөвшөөрөн ахуйд бид юунд толгой гудайх билээ. Чингисийн алтан ураг болох Зүчи, Цагаадай, Бат, Хубилай, Мөнх, Гүег, Төмөр, Батмөнх гэхчилэн агуу хаад, Мандухай цэцэн хатан, Чин ван Ханддорж, Сайн Ноён хан Намнансүрэн нарын үр удам нь билээ бид. Толгой дээгүүр, цээж тэнэгэр байгтун.

Миний хайрууд

МИНИЙ ХАЙРЫН АНХНЫ АЛХАМ-БИ ӨӨРӨӨ БАЙСАН
МИНИЙ ӨРӨӨЛИЙГ ХАЙРЛАХ ӨНДӨР АЛХАМ-ХАНЬ ИЖИЛ МИНЬ БАЙСАН
МИНИЙ ҮР ЖИМСЭЭ ТҮГЭЭХ ХАЛУУН ХАЙР-ҮР ХҮҮХЭД МИНЬ БАЙДАГ
МИНИЙ ҮНДСЭЭ ХАМГААЛАХ НАНДИН ХАЙР-ИЖИЙ ААВ МИНЬ БАЙДАГ
МИНИЙ БУСАДТАЙ ХУВААЛЦАХ СЭТГЭЛИЙН ХАЙР-АНД НӨХӨД МИНЬ БАЙДАГ
МИНИЙ БОДЛЫГ ХУРЦЛАХ ДАЛД ХАЙР-ДАЙСАН ӨРСӨЛДӨГЧ МИНЬ БАЙДАГ
МИНИЙ БИЕЭ ЗОРИУЛАХ УХАМСАРТ ХАЙР-АМЬДРАЛ МИНЬ БАЙГ
МИНИЙ БУЛШИЛЖ ШИНГЭХ ЭЦСИЙН ХАЙР-ЭХ ОРОН МИНЬ БАЙГ